Скачать шаблон Joomla с JooMix.org

Сайн туршлага солилцох зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн удирдлагууд оролцлоо

25 2 сар 2019 Нийтэлсэн 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь биеллээ олж өнөөдөр ийнхүү Дарханчууд бусад аймгийнхандаа сайн туршлагаа хуваалцлаа.

Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь 2018 оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцах, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагааг дэмжсэн сайн туршлагыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Дарханчууд “Хүүхэд хөгжлийн ордон”, “Залуучууд хөгжлийн төв”, “Түр хамгаалах байр”, “Зулзагын гол” хүүхдийн зуслан, “Залуучуудын гэрэлт гудамж”, Олон улсын стандартад нийцсэн “Мини хөл бөмбөгийн талбай” зэрэг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, хөгжих, хамгаалагдах орчныг бүрдүүлж, шинэ ажлын байруудыг бий болгон бүтээлч санаачилгуудыг ажил хэрэг болгосон юм. Дархан–Уул аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, орчин бүрдүүлэхэд бодитой ажлууд хийгдсэний нэг тод жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, хамгааллын үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр”-ыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар байгуулж, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр тохижуулан ашиглалтад оруулснаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадсаныг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ГБХЗХГ-ын удирдлагууд онцоллоо.

Сайн туршлага солилцох зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Насанбат “Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны сайн туршлага”, аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан “Үйл ажиллагааны үр дүн”-гийн талаар илтгэл мэдээлэл тавьж, ГХУСАЗСЗ-ийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Дархан-Уул аймгийн ХХҮГ, БСУГ, ЭМГ, ОБГ, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн удирдлагууд илтгэл тавьж, хамтын ажиллагааны үр дүнг илтгэлээ. Мөн зөвлөгөөнд Завхан, Баянхонгор, Орхон, Дорнод аймгийн ГБХЗХГ-ын удирдлагууд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хийсэн сайн туршлагыг танилцуулж мэдээлэл тавилаа. 

Сайн туршлага солилцох зөвлөгөөний 2-р хэсэгт аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн ордон, Түр хамгаалах байр, Нарны хүүхдүүд асрамжийн төв, Дарханд үйлдвэрлэв дэлгүүр, ХХҮГ-ын харьяа “Хөгжлийн төв”, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн “Гоё гоё” төвүүдээр зочилж үйл ажиллагаатай танилцлаа.

Найрамдлаар овоглосон Дархан хот 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээндээ 3 бүлэг, 46 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Хүүхэд бүхэн гэр бүлдээ аз жаргалтай.

 

Top
Скачать шаблон Joomla с JooMix.org